ҮНДЭСНИЙ ҮСЭГЛЭЛИЙН АВАРГА

Нидерландын “EndemolShine” компанийн албан ёсны эрхтэйгээр “Номадиа Пикчерс” болон “Боловсрол” телевизийн хамтын бүтээл “Үндэсний Үсэглэлийн Аварга” нэвтрүүлэг нь эрдэм мэдлэгтэй, сэргэлэн цовоо бяцхан үсэглэгчдийн ур чадвараар дамжуулан Монгол эх хэлний боловсролыг түгээх зорилготой юм.

Тус нэвтрүүлэг нь Австрали, Тайланд, Их Британи зэрэг улсуудад албан ёсны эрхтэйгээр хийгдэж байсан ба “Үндэсний Үсэглэлийн Аварга” нэвтрүүлгийн анхны аваргаар Соёмбо сургуулийн 5А бүлгийн сурагч М.Түвшинзаяа тодорсон. Гайхамшигт мянга мянган үгсийн сангаар аялж, эргэлзээтэй бичигддэг үгсээр мэдлэг оюунаа сорих боломжтой, бүх насныханд зориулсан гэр бүлийн нэвтрүүлэгт 8-11 насны үсэглэгчид оролцож бүх үгийг алдаагүй үсэглэн хамгийн сүүлд үлдэж шилдгээр өргөмжлөгдөх боломжтой юм.

Залуу хойч үеийнхэндээ зөв мэдлэг түгээх, эх хэлнийхээ дархлааг бататгах, үсэг бичгийн асуудлуудыг цэгцлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор MCS групп энэхүү төслийг санаачилж ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан бол Голомт банк, Скайтел групп ивээн тэтгэгчээр дэмжин хамтарчээ.

Амжилт хүсье үсэглэгчид ээ!